“Эрдэнэт Мах Маркет” үйлдвэр нь үхэр, адуу, хонь ямааны мах боловсруулан бод малын махыг өрөөл, мөчилсөн байдлаар, бог малын махыг гулууз хэлбэрээр бэлтгэн хөлдөөж, хадгалдаг.

ОХУ-ын захиалагчид энэ жил шулж хөлдөөсөн мах, дайвар бүтээгдэхүүн захиалсны дагуу бид махаа шулж нэгэн хэв, жинд бэлтгэн контакт хөлдөөгчинд хөлдөөсөн мах бэлтгэж эхэллээ. Энэ зорилгоор шинээр мах шулалгааны цех байгуулж, БНХАУ-аас нэг хоногт 7.2 тн-ын хүчин чадалтай контакт хөлдөөгч захиалан авчирч суурилуулав. Шулж, хөлдөөсөн мах нь тээвэрлэлтэд нэн тохиромжтой, худалдан авагчийн хүсэлтээр ангилан бэлтгэх боломжтой, хэрэглэхэд нэн хялбар бүтээгдэхүүн юм.

Дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн хагас боловсруулсан болон дулааны аргаар бүтэн боловсруулсан дайвар бүтээгдэхүүн, ангилж бэлтгэсэн дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улсын мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал, хэмжил зүйн төвөөр бүтээгдэхүүн бүрээ баталгаажуулан гэрчилгээжүүлж, худалдаанд гаргаж байна. Дараах манай үйлдвэрээс боловсруулан гаргадаг, хэрэглэгчдийн танил болсон, нэр хүнд өндөртэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулахад таатай байна.